ДАРАА ҮЕИЙН БАРИЛГЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН ГУРВАН ЧУХАЛ ЭЛЕМЕНТ
Барилгын автоматжуулалт (Building Management System – BMS, заримдаа BAS ч гэж нэрлэгддэг) гэдэг нь орчин үеийн барилгын аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, эрчим хүчний үр ашиг, ашиглалтын тогтвортой байдлыг хангах үндсэн технологийн платформ юм. Уламжлалт байдлаар BMS нь HVAC (халаалт, агааржууалт, кондишн) системийн хяналт, удирдлагад төвлөрч ирсэн боловч өнөөдөр барилгын салбарын орчин эрс өөрчлөгдөж, BMS‑ийн үүрэг, хамрах хүрээ, архитектур шинэ түвшинд шилжиж байна.
Эрчим хүчний зардал өсөж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага дэлхий даяар бодит асуудал болж, үүний зэрэгцээ барилгын оршин суугчид, түрээслэгчдийн тав тух, эрүүл мэнд, ухаалаг удирдлагын хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Мөн cloud computing, Internet of Things (IoT), өгөгдлийн аналитик, хиймэл оюун ухаан (AI) зэрэг технологиуд боловсронгуй болж, барилгын системүүдийг илүү ухаалгаар удирдах бодит боломжийг бий болголоо.
Эдгээр өөрчлөлтийн үр дүнд next generation BMS буюу дараагийн үеийн барилгын автоматжуулалт нь зөвхөн инженерийн автоматжуулалтын хэрэгсэл бус, харин ухаалаг барилгын нэгдсэн мэдээлэл, удирдлагын платформ болж хувьсаж байна.

- Үр ашиг болон тогтвортой хөгжлийн хэрэгцээ нэмэгдэж байна
Барилга байгууламжууд нь эрчим хүчний хэрэглээ болон CO₂ ялгарлын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг хэвээр байна. Барилгын ашиглалтын зардлын ихэнхи хувийг эрчим хүч эзэлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор барилгын өмчлөгчид, үл хөдлөх хөрөнгийн компаниуд, барилгын удидрдлагын багуудад дараах шаардлагууд тулгарч байна.
Үүнд:
- Эрчим хүчний хэрэглээг бодитоор бууруулах
- Нүүрстөрөгчийн ялгарлыг хэмжих, тайлагнах
- Засгийн газрын бодлого, зохицуулалт, нүүрстөрөгчийн татвар, ESG шаардлагад нийцэх
Эдгээр зорилгыг хангахын тулд барилгын системүүдийг зөвхөн HVAC‑аар хязгаарлалгүй, цахилгаан, гэрэлтүүлэг, ус, тоног төхөөрөмж, барилгын дүүргэлтийн ачаалал, бүр цаашлаад эрчим хүчний сүлжээтэй уялдуулан удирдах шаардлага үүсэж байна. Уламжлалт BMS ийм өргөн хүрээний өгөгдөл, удирдлагыг дэмжихэд архитектурын хувьд хангалтгүй байлаа.
- Түрээслэгч, оршин суугчдын хүлээлтийн өөрчлөлт
Орчин үеийн ажилтан, зочин, хэрэглэгчид барилгыг зөвхөн “ажиллах орон зай” бус, харин эрүүл, тав тухтай, ухаалагаар удирдах боломжтой байхыг шаардаж байна. Дараах хүчин зүйлс онцгой ач холбогдолтой болжээ.
Үүнд:
- Дотоод орчны чанар (агаарын чанар, температур, гэрэлтүүлэг)
- Хувь хүний хэрэгцээнд тохируулж удирдах боломж
- Гар утасны аппликейшн, Өөрөө өөртөө үйлчлэх
- Тасралтгүй, найдвартай үйлчилгээ
Үүний үр дүнд барилгын менежерийн үүрэг HVAC‑ийн ажиллагааг хянахаас давж, тав тух, эрүүл мэнд, бүтээмж, аюулгүй байдал, холболт зэрэг олон үзүүлэлтийг нэгэн зэрэг хангах шаардлагатай болж байна. Энэ нь BMS‑ийн хамрах хүрээг зайлшгүй тэлэх шалтгаан болж байна.
- IT, IoT, Ухаалаг барилгын технологиуд
Сүүлийн жилүүдэд барилгын технологийн орчинд дараах томоохон ахиц гарлаа:
- IP‑д суурилсан OT протоколууд (BACnet/IP)
- Утасгүй IoT мэдрэгчид, төхөөрөмжүүд (Zigbee, Bluetooth)
- Үүлэн тооцоололын өргөн хэрэглээ
- Big Data analytics, AI, machine learning
Эдгээр технологиуд нь барилгын системүүдээс асар их хэмжээний өгөгдөл цуглуулах, түүнийг бодит цаг хугацаанд боловсруулж, шийдвэр гаргалтад ашиглах боломжийг бий болгож байна. Үүний үр дүнд BMS нь асуудал тулгарсаны дараа шийдэхээс илүүтэй урьдчилан таамаглах, эрсдэлээс сэргийлэх, түүнийг автоматжуулах чадвартай болж байна.
ДАРАА ҮЕИЙН БАРИЛГЫН АВТОМАТЖУУЛАЛТ BMS-Н ГУРВАН ЧУХАЛ ЭЛЕМЕНТ
1. НЭЭЛТТЭЙ НЭГДМЭЛ (ИНТЕГРАЦЛАГДСАН) ПЛАТФОРМ
Дараа үеийн барилгын автоматжуулалт BMS‑ийн хамгийн чухал шинж нь нээлттэй интеграцлагдсан архитектур юм. Өөрөөр хэлбэл, BMS нь дараах системүүдтэй уян хатан байдлаар холбогдох чадвартай байх ёстой. Үүнд:
- HVAC (Халаалт, агааржуулалт, кондишн), гэрэлтүүлэг, нэвтрэх удирдлага, гал, эрчим хүч
- IoT мэдрэгч, ухаалаг төхөөрөмжүүд
- IT болон бизнесийн системүүд
- Гар утасны аппликейшн, cloud үйлчилгээ
Энэ зорилгод хүрэхийн тулд BMS нь стандарт, нээлттэй протоколуудыг дэмжих шаардлагатай. Үүнд OT (BACnet, Modbus), IoT (MQTT, Zigbee), IT (REST API, Web services) зэрэг багтана. Нээлттэй платформын давуу тал нь нийлүүлэгчээс хараат бус байдал, хуулийн дагуу системийг интеграцлах боломж, цаашдын өргөтгөлд бэлэн архитектур юм.
2. АНАЛИТИК БОЛОН ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР УДИРДУУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДЭД ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ ШААРДЛАГА
Үүлэн тооцоолол нь дараа үеийн барилгын автоматжуулалт BMS‑ийн хоёр дахь зайлшгүй байх элемент юм. Үүлэн систем нь дараах боломжуудыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Олон барилга, олон системийн өгөгдлийг нэгтгэх
- Хязгааргүй хадгалалт, тооцооллын нөөц
- Big Data analytics, machine learning
- Алсын зайн хяналт, digital service
- Урьдчилан таамаглагдсан засвар үйлчилгээ, digital twin-Барилгын виртуал хувилбар
Үүлэнд суурилсан BMS нь барилгын менежерт бодит цагийн мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн “health score- эрүүл мэндийн оноо” зэрэг стратегийн мэдээллийг өгч, шийдвэр гаргалтыг илүү бодитой болгодог.
Энэ нь BMS‑ийг асуудал үүссэний дараа бус урьдчилан таамаглах, улмаар автомат байдлаар шийдвэрлэхэд чиглэх үндэс болж байна.
3. ХӨДӨЛГӨӨНТ БАЙДАЛД ЗОРИУЛСАН АРХИТЕКТУР
Орчин үеийн барилгын хэрэглэгчид болон менежерүүд “mobile‑first: хөдөлгөөнт буюу байгаа газраасаа” ажиллахыг хүсдэг болоод байна. Иймээс дараа үеийн барилгын автоматжуулалт BMS нь:
- Хэрэглэгчдэд зориулсан гар утасны апп
- Барилгын менежер, техникчдэд зориулсан гар утасны удирдах самбар
- Алсын зайнаас хандах, алсаас ашиглалтанд оруулах боломж
- Өөртөө үйлчлэх, харилцаа холбооны суваг
Хөдөлгөөнт байдалд зориулсан BMS нь хэрэглэгчдийг барилгын идэвхтэй оролцогч болгож, барилгын удирдлагын багийн ачааллыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг.
ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА БА СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Дараа үеийн барилгын автоматжуулалт BMS нь дараах ирээдүйн технологиудыг бодитоор хэрэгжүүлэх суурь болж байна.
- Digital Twin – Барилгын виртуал хувилбар
Барилгын виртуал хувилбар гэдэг нь барилга доторх тоног төхөөрөмж болон биет орчныг программ хангамжаар загварчилсан дүрслэл юм. Энэ нь барилгын үе шат болон ашиглалтын явцад засвар үйлчилгээ, өөрчлөлтийн менежментийг илүү үр дүнтэй болгоход өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч барилгын системүүд нь уламжлалт байдлаар тус тусдаа, салангид (silo) өгөгдөлтэй байдаг тул мэдээллийг нэгтгэх үйл явц төвөгтэй байсаар ирсэн нь Барилгын виртуал хувилбарын хэрэглээ өргөн хүрээнд нэвтрэхэд саад болж ирсэн.
Харин нээлттэй интеграцийн зарчимтай, үүлэн холболттойгоор зохион бүтээгдсэн барилгын удирдлагын систем нь Барилгын виртуал хувилбарыг илүү өргөн цар хүрээнд бий болгох, динамикаар арчлан шинэчлэх боломжийг нээж өгнө.
- AI‑д суурилсан автомат удирдлага
Хиймэл оюун ухаан нь барилгын өгөгдлөөс үнэ цэнтэй дүгнэлт гаргах, цаашлаад барилгын системүүдийг бүрэн автоматжуулах боломжийг олгодог. Жишээлбэл, дэвшилтэт AI загварууд нь барилгыг өөрөө удирдах (autonomous control) түвшинд хүргэж, эрчим хүчний хэмнэлтийн хувьд уламжлалт дүрэмд суурилсан HVAC удирдлагаас илүү үр ашигтай болох нь нотлогдсон байдаг.
Мөн байгалийн хэл боловсруулах технологи (NLP)-ийн тусламжтайгаар ашиглалтын менежерүүд болон барилга ашиглагчид барилгын системүүдтэй цоо шинэ хэлбэрээр харилцах боломжтой болно. Өгөгдлийн зохион байгуулалт нь үйл явцуудыг тасралтгүй оновчлон, барилгын системүүдийг хүн болон орчны хэрэгцээнд нийцүүлэн өөртөө дасан зохицох боломжийг бүрдүүлнэ. Барилгын виртуал хувилбарын адил хиймэл оюун ухаан нь өнөөдөр барилгын салбарт өргөн хэрэглээ болоогүй байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь AI-г сургах, хэрэгжүүлэхэд шаардлагатай олон төрлийн өгөгдлийг стандартчилах, нэвтрэхэд хүндрэлтэй байдагтай холбоотой. Энэхүү өгүүлэлд тодорхойлсон шинж чанаруудыг агуулсан барилгын удирдлагын систем нь AI-д суурилсан ирээдүйг нээх томоохон алхам юм.
- Grid‑efficient, ухаалаг эрчим хүчний экосистем
АНУ-ын Эрчим хүчний яамнаас сүлжээнд ээлтэй барилгыг “дараагийн үеийн мэдрэгч, удирдлага, холболт болон харилцаа холбоо”-той барилга гэж тодорхойлдог. Ийм барилгын зорилго нь ашиглагчдад илүү сайн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүчний сүлжээнд эерэг нөлөө үзүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээний тэнцвэрийг хангахад оршдог. Дараагийн үеийн барилгын удирдлагын системүүд нь энэ хэрэгцээг хангахад бэлтгэгдсэн бөгөөд ADMS зэрэг үүлэнд суурилсан дэвшилтэт программ хангамжуудтай уялдан ажиллаж, хот, нийгмийн экосистемийн түвшинд оновчлол хийх боломжтой.
Энэхүү өгүүлэлд барилгын удирдлагын системийн шинж чанарууд нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд нийгмийн дарамт болон технологийн хөгжлийн нөлөөгөөр улам бүр нарийн төвөгтэй болж ирснийг онцолж байна. Тиймээс бид нээлттэй интеграцийн платформ, үүсэлтийн шатнаасаа үүлэн холболттой, мөн гар утас, хөдөлгөөнт хэрэглээнд нийцсэн байдлаар зохион бүтээгдсэн BMS нь шинээр гарч ирж буй дижитал технологиудад нэвтрэх гол түлхүүр гэдгийг онцолж байна. Эцсийн зорилго нь мэдээж барилгын ашиглалт, удирдлагыг илүү энгийн, урьдчилан сэргийлсэн, улмаар илүү автоматжсан түвшинд хүргэх явдал юм.
Эдгээр нь барилгыг илүү үр ашигтай, хүн төвтэй, тогтвортой болгох стратегийн боломжийг нээж өгнө.
Товчлон орчуулав. Эх сурвалж: Three Essential Elements of Next Generation Building Management Systems (BMS) | Schneider Electric
